Увс аймгийн талаарх танилцуулга

Увс аймгийн талаарх танилцуулга

Түүх

1686 онд Ойрад Монголын их хаан Галдан бошигт Хархираа голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар толгой, Бор үзүүр зэрэг газруудад тариа тариалж эхэлсэн нь суурин амьдралын үндэс тавигдаж улмаар Улаангом сум (хотын) анхны шав тавигдсан гэж үздэг.

Ийнхүү газар тариалангийн суурин (Yүнийг гэрчлэх ул үндэс нь Арсайн суурин байж болох юм) нь Увс аймагт анх тавигджээ.

1871 онд Чандмань уулын орчимд Дэчинравжаалан хөндийн анхны дацан болох Лүүжин дацан байгуулагдсан нь Улаангомын хүрээний анхны суурь болсон байна.

Лүүжин Дацангийн дэргэд Цогчин дугана, олон сүм баригдаж, лам хуврагууд олноор шавилан сууснаар Баянчандмань уулын хошуу байгуулагдаж, хошууны тамгын газар төвлөрснөөр Улаангомын хүрээ нэртэй болсон байна. Улаангомын хүрээ нь сүсэгтэн олны дунд ихээхэн нөлөөтэй болж 1915 оны үед 1500 гаруй лам хуврагтай болж, Дөрвөдийн Зоригт Далай хааны өргөө байрлаж байсан зэрэг нь хошууны шашин, улс төр, засаг захиргааны төв болж өргөжихөд нөлөөлсөн байна. 1931 оны 2 сард Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор засаг захиргааны хуваарийг шинэчлэн Чандмань уулын аймгийг Увс, Ховд хоёр аймаг болгосноор Улаангом нь Увс аймгийн улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв болон өргөжин хөгжих эхлэлээ тавьсан юм.

Чандмань уулын аймгийн анхдугаар их хурлын 1925 оны 11 сарын 21-ний өдрийн 4-р тогтоолд:

"Аймгийн эрх барих газар аймгийн захиргаааг сонгон байгуулж, Дөрвөдийн аймгийн хуучин нэр болох "Дөрвөд далай хан аймаг" нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэж, төвийг Улаангомд суурьшуулахаар тогтжээ. Чандмань уулын аймаг нь 8 хошуу, 41 сум, 115 баг, 660 арванаар бүрдэл болон байгуулагдсан болой"

гэжээ. Энэхүү 41 сумын 13 нь одоогийн Ховд аймгийн, бусад 28 нь Увс аймгийн сумд байжээ.

1931 онд Чандмань уулын аймгийг 2 аймаг болгоход Увс аймаг 16 сум, 150 баг, 9133 өрх, 43188 хүн амтай байжээ. 1933 онд Увс аймгийн жилийн төсөв 140.0 мянга төгрөг байсан бол 1961 онд 6,6 сая төгрөг, 1981 онд 33,7 сая, 1990 онд 78,4 сая төгрөг болж өсчээ. Увс аймгийн төв нь Улаангом сум юм.

Газарзүйн байрлал:

Увс аймаг нь Монгол улсын баруун хязгаарт Их нууруудын хотгорт оршдог, 69.6 мянган ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, аймгийн нийт хилийн урт 1267 км. Баруун талаараа Баян-Өлгий аймаг, өмнө талаараа Ховд аймаг, зүүн талаараа Завхан аймаг, хойд талаараа ОХУ-ын Тува улстай 575км газар нутгаар хиллэн оршдог. ОХУ-ын Тува улсын Кызыл хотоос 436км зайтай, БНХакаси улсын Абакан хотоос -690км, БНАлтай улсын Горно-Алтайск хотоос 800км, Алтайн хязгаарын Барнаул хотоос 1040км, Новосибирск хотоос 1230км зайтай оршдог.

Түүх соёлын дурсгалт газрууд

-Өмнөговь сумын Мунживын Дамбийжаагийн туурь, -Өмнөговь сумын Арлын хоогийн эртний туурь -Өмнөговь сумын Хүрэн үзүүрийн хадны зураг -Өмнөговь сумын Хөх оройн хадны зураг -Өмнөговь сумын Мунживын хадны зураг -Өмнөговь сумын Бор хагийн хос хяргисүүр -Өмнөговь сумын Ацаан бэлийн хадны зураг, хүн чулуу -Өмнөговь сумын Шар булгийн хадны зураг, хөшөө чулуунууд -Өмнөговь сумын Ховд голын хавцалын хадны зураг, хөшөө чулуунууд

Сагил сум, Ганц харгайтын бичигт хадны зураг
Зүүнхангай сум, Зураагийн улаан хадны зураг
Сагил сум, Зүүн турагийн тэрэм хадны зураг
Сагил сум, Их сарын хадны зураг
Сагил сум, Можоогийн хадны зураг
Давст сум, Мөнгөт Цахирын хадны зураг
Наранбулаг сум, Наранбулагийн хадны зураг
Сагил сум, Үнхэлцэгийн хадны зураг
Давст сум, Тэхтийн давааны хадны зураг
Сагил сум, Хад үзүүрийн хадны зураг
Баруутуруун сум, Хар Цагаан усны хадны зураг
Сагил сум, Цагаан өтөгийн хадны зураг
Өлгий сум, Шар булгийн онцын хадны зураг
Сагил сум, Шовгор хадны зураг
Давст сум, Бор Нурганы/Хүүхдийн овооны/ хүн чулуу
Наранбулаг сум, Жаажаагийн хөтөлийн хүн чулуу
Хяргас сум, Нийчийн амны хүн чулуу
Хяргас сум, Овгор Хяргасын хүн чулуу
Тариалан сум, Халхайтын дэнжийн хүн чулуу
Малчин сум, Хөтөл нуурын Улаан толгойн хүн чулуу
Малчин сум, Баянмандал уулын хүн чулуу
Улаангом хот, Чандмань уулын булш
Бөхмөрөн сум, Ачит нуурын түрэг бичээс
Хяргас сум, Да лам Цэрэнчимэдийн гэрэлт хөшөө
Аймгийн музей, Долоодойн түрэг бичээс
Аймгийн музей, Долоодойн хөшөөний уйгар бичээс
Сагил сум, Төмөр цоргын түрэг бичээс
Улаангом сум, Харлаг бэйсийн сүм
Түргэн сум Дэлгэр мөрний дэнжийн хүн чулуунууд
 

Уур амьсгал:
Хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 758.9 метрт буй Увс нуурын ай савын дархан цаазат газар бөгөөд хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 4250 метрт өргөгдсөн Цагаан дэглий оргил юм. Далайн түвшнээс 2400-4126 м өндөр мөнх цаст сүрлэг уулс, 9200 ам дөрвөлжин км талбай бүхий элсэн манхан, Увс, Хяргас, Айраг, Ачит, Үүрэг, Дөрөө зэрэг томоохон нуурууд, Тэс, Ховд, Хархираа, Түргэн, Хангилцаг, Туруун Завхан зэрэг том голууд нь Увс аймгийн байгалийн үзэсгэлэнг цогцлоон бүрдүүлнэ. Их нууруудын хотгор, Алтайн салбар уулсын бүсэд орших тул эрс тэс эх газрын уур амьсгалтай. Зун 7 сард +40-50 хэм халж, өвөл 01 сард -40, -50 хэм хүртэл хүйтэрдэг. Увс аймаг нь өндөр уул, ой тайга, өргөн тал, говь олон нуур, гол горхи зэрэг байгаль газарзүйн олон янзын онцлогт тохирсон төрөл бүрийн ургамал, ан амьтан элбэгтэй. 64 зүйлийн хөхтөн, 270 зүйлийн шувуу, 7 зүйлийн загас, 411 зүйлийн ургамалтай. Засаг захиргаа, хүн ам: Дөрвөд далай хаан, Зоригт хааны аймгийг нэгтгэж, 1925 онд Чандмань уулын аймгийг байгуулж, улмаар 1931 оны 2 сарын 6-нд Увс аймгийн хилийн заагийг тогтоосноор Увс аймгийн засаг захиргааны хуваарь үүссэн. Аймгийн төв нь Улаангом, засаг захиргааны нэгжийн хувьд 19 сум, 93 багтай, 2017 оны жил эцсийн байдлаар 21.8 мянган өрх, 82.6 мянган суурин хүн амтай. Аймгийн төв Улаангом хот нь 30.9 мянган оршин суугчтай, нийслэл Улаанбаатар хотоос 1336 км алсад оршдог.
Увс аймгийн эдийн засгийн үзүүлэлтүүд:
Увс аймгийн эдийн засгийн үзүүлэлтүүд: Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ:322.1 ₮ тэрбум /2016/ Нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ: 3686.0 мян. ₮ /2016/ Аймгийн голлох салбар нь мал аж ахуй, газар тариалан бөгөөд хөнгөн, хүнс, худалдаа, үйлчилгээ, уул уурхайн үйлдвэрлэл зохих хэмжээнд хөгжиж байна. 2017 оны эцэст аймгийн хэмжээнд 3129.9 мянган толгой мал тоолуулж 23.5 мянган тэмээ, 119.5 мянган адуу, 176.9 мянган үхэр, 1552.1 мянган хонь, 1257.9 мянган ямаатай болж таван төрөлдөө өнгөрсөн оноос өсч, нийт малын тоо 12.4 хувиар буюу 345.7 мянган толгойгоор нэмэгдсэн байна. Аймгийн хэмжээнд 57.9 мянган га-д газар тариалан эрхлэх тохиромжтой бөгөөд тариалангийн гол бүс нутаг Баруунтуруун суманд 40.0 мянга орчим га эргэлтийн талбайтай. Аймгийн хэмжээнд 2017 онд нийт 9235.1 га-д үр тариа тариалж үүнээс 10090.0 тн үр тариа хурааж, 273.6 га-д төмс тариалж 3220.5 тн төмс хураан авч, 274.5 га-д хүнсний ногоо тариалж 3114.9 тн хураан авч нийт 11.8 мянган га-д тариалалт хийлээ. Тус аймагт нүүрсний 3 орд, алтны 1орд , барилгын материалын түүхий эдийн 3, давсны чиглэлээр 3 аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулдгаас гадна хүнс, гурилын үйлдвэр, дулааны болон цахилгаан шугам сүлжээ, нийтийн аж ахуйн үйлчилгээ, худалдаа, хөнгөн үйлдвэрийн газрууд ажилладаг. Чацаргана нь Увс аймгийн брэнд бүтээгдэхүүн бөгөөд улсын хэмжээний нийт чацарганы 60% Увс аймагт ургадаг ба Увс аймгийн эрс тэс цаг агаарын нөхцөлд дасан зохицсон, хүний биед нэн хэрэгцээтэй витаминаар баялаг юм. Увсын чацарганыг БНХАУ-ын Тайванийн Олон Улсын Чанарын Лабораторит шинжлүүлж тослог, витаминлаг чанараараа хамгийн сайн бөгөөд олон улсын стандартыг хангасан гэж үнэлэгдсэнээс гадна чацаргана жимсийг Европын газарзүйн заалтад бүртгүүлэхээр Францын ХААЯ, Монголын Оюуны өмчийн газартай хамтран төсөл хэрэгжүүлж Европын холбоонд хүсэлтээ гаргасан байгаа. Увс аймагт чацаргана тариалдаг 550 гаруй ААН байдаг бөгөөд жилд дунджаар 463,1 га талбайд чацаргана тариалж 360 тн ургац хурааж үүнээс аймгийн хэмжээнд 13 боловсруулах үйлдвэрт боловсруулан чацарганы цэвэр тос, шүүс, варень, цай, бальзам зэргийг үйлдвэрлэж дотоодын хэрэгцээг хангахаас гадна хөрш зэргэлдээ ОХУ, БНХАУ-ын Тайваньд нийлүүлж Япон улсад гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Аж үйлдвэр. Аж үйлдвэрийн чиглэлээр Увс аймагт 140 аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа эрхэлж 2017 оны туршид 13.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж 14.6 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ.Нийт үйлдвэрлэлтийн 40.4 хувийг дулаан түгээлт усан хангамж, 39.4 хувийг боловсруулах салбарын үйлдвэрлэл, 20.2 хувийг уул уурхай олборлолт эзэлж байна. Аж үйлдвэрийн салбарын өсөлтөнд уул уурхайн олборлолт, ундаа архины үйлдвэрлэл, хувцас үйлдвэрлэл, өлөн гэдэсний үйлдвэрлэл түлхүү нөлөөлсөн байна. Дэд салбараар тооцвол нийт үйлдвэрлэлтийн 30.0 хувийг хүнс ундааны үйлдвэрлэлт, 38.2 хувийг дулаан үйлдвэрлэлт, 20.2 хувийг уул уурхайн олборлолт, 3.0 хувийг барилгын материалын үйлдвэрлэл, 2.2 хувийг усан хангамж, 0.1 хувийг мод модон бүтээгдэхүүн, 1.7 хувийг гутал арьс ширний үйлдвэрлэл, 0.4 хувийг хувцас үйлдвэрлэл, 4.2 хувийг бусад боловсруулах үйлдвэрлэл эзэлж байна. 2017 онд барилгын гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд барилгын 24 объектод 10.1 тэрбум төгрөгийн БУИЗ-ын ажил гүйцэтгэсэн нь өнгөрсөн оноос 48.1 хувиар буурсан байна.
Гадаад худалдаа. Экспорт ба импорт.
2017 онд импортын хэмжээ 22269.6 мян.ам.долларт хүрсэн. Гол нэрийн бүтээгдэхүүнээс 25.1 мян.тн нефть бүтээгдэхүүн, 90229.9 мян.квт.цаг цахилгаан, 216 ш мебель тавилга, 3467.0 тн хивэг, 863.1 тн овьёос, 28.5 тн цагаан будаа, 3.4 тн хүнсний ногоо, 948.6 мянган ширхэг өндөг импортоор оруулж ирсэн байна. 2017 оны байдлаар экспортод 136.4 тн адууны мах, 16 ширхэг монгол гэр, чулуулгийн дээж 375 кг гаргаж экспорт 237.2 мянган ам доллар болсон байна.
Байгалийн нөөц, баялаг.
Увс аймгийн нутагт ашигт малтмалын 303 орд, илрэлийг тогтоогоод байгаагаас өнөөгийн байдлаар ашиглаж байгаа 9 төрлийн ашигт малтмалын 33 орд, цаашид нарийвчлан судлах 153 орд, илэрц газар байна. Нөөц нь тогтоогдсон дээрх ордуудаас гадна алт, зэс, занар, давс, нефть, уран, мөнгө, төрөл бүрийн үнэт чулуунууд, шохой, тоосгоны орд газрууд зэрэг ашигт малтмалын нөөц бүхий орд илэрцүүд байгаа бөгөөд дээрх нөөцүүдийн хайгуулыг бүрэн хийлгэх, нөөцийг тогтоох, эдийн засгийн үндэслэлийг тооцох шаардлагатай байгаа юм. Газрын тос, нефть бүтээгдэхүүний хувьд Увс аймгийн газар нутгийн 80%-ийн талбайг эзэлсэн нарийвчилсан хайгуул хийх ажиллагаа эхэлж байгаа бөгөөд нефтийн томоохон орд Увс нуур, бөөрөг дэлийн элс буюу Увс аймгийн зүүн урд хэсэгт байх судалгааг геологич мэргэжилтнүүд тогтоогоод байна.
Дэд бүтэц:
Улаангомоос Хандгайтын чиглэлд 120 км, Улаангом Наранбулаг Үзүүрийн булгийн чиглэлийн 300 орчим км, аймгийн төвд 29.3 гаруй км хатуу хучилттай замтай. Аэро Монголиа, Хүннү Эйр зэрэг авиа компаниуд агаарын шууд нислэгийг долоо хоногийн зургаан өдөр хийх болсноор жуулчдын цагийн зохицуулалт, аяллын хугацааг төлөвлөх нэгэн таатай орчныг бүрдүүлж байна. Эрчим хүчний эх үүсвэрийн хувьд ОХУ-аас эрчим хүч нийлүүлдэг, бүх сумын төв ББЭХС-д холбогдсон. Дулааны 1, 2-р станц албан байгууллага айл өрхийг дулаанаар хангаж байна. Харилцаа холбооны хувьд Монголын Цахилгаан холбооны суурин утас, Мобиком, ЖиМобайл, Юнитель, Скайтель зэрэг үүрэн телефоны хэрэглэгч бүх сумдад бий болж, интернет сүлжээ 18 суманд тавигдсан.
Түүх соёл.
Увс аймаг нь байгалийн бүс бүслүүр, эко системийн олон иж бүрдлийг нэг дор агуулсан “Дэлхийн өв”-ийн өлгий нутаг. Аймгийн нутаг дэвсгэрт эртний түүх соёл, дурсгалт зүйл болох хүн чулуу 104, буган хөшөө 21, хадны сүг зураг 90 гаруй цэгт 40.000 гаруй, бичиг тэмдэгт хөшөө 20, гэрэлт хөшөө нэг, хадны бичээс 10, түүнчлэн олон мянган хиргисүүр, эртний сүм хийдийн үлдэгдэл, туурь бүртгэгдсэн. Чандмань уулын археологийн олдвор нь эртний түүх соёлын нандин өвд тооцогддог. Увс аймаг нь баруун Монголын олон ястны өлгий нутаг бөгөөд икэлийн татлага, бий биелгээ, өв соёлоороо дэлхийд гайхагдсан ард түмэн. Ястан бүр өөр өөрийн өвөрмөц хэл ярианы аялгатай, ёс заншилтай.
Аялал жуулчлал.
Увс аймаг бол: - Дэлхийн өвд бүртгэгдсэн нутаг - Дэлхийн хамгийн хойт захын анхны үүслээрээ байгаа “Алтан элс” бий. - Дэлхийд ховордсон Ирвэсийн өлгий нутаг - “Монголын 9 гайхамшиг”-ийн нэг Увс нуурын ай савын давтагдашгүй төрх - Түүх соёлын нандин өв дурсгал - Бий биелгээ, хуур, ардын өвөрмөц ахуй, зан заншил, соёл - Чацаргана, жамц давс, арвайн гурилаараа алдартай. -ОХУ-тай хил залгаа байнгын ажиллагаатай 2 боомттой. Увс аймаг нь аялал жуулчлалын бодлогоо тодорхойлсон бөгөөд томоохон нууруудаа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Аймгийн төвөөс Увс нуурын аялал жуулчлалын бүс 21 км радиуст байдаг. Увс нуурын чиглэлд сайжруулсан замтай, Хяргас нуурын чиглэлд 190 км хатуу хучилттай авто замтай. Увс, Хяргас нуурын дэргэдэх аялал жуулчлалын 3 баазад цахилгаан дамжуулах агаарын шугам татсан. Эдгээр газруудад наран шарлагын газар байгуулах боломжтой. Увс, Хяргас нуурын ус эрдэслэг, харшил эмчлэх үйлчилгээтэй. Увс нуурын ай сав газар нь 1993 онд дархан цаазат газар, 1997 онд НҮБ-ын олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд, 2003 онд дэлхийн өвийн сүлжээнд, 2004 онд олон улсын ач холбогдол бүхий нүүдлийн шувууд олноор амьдардаг орчны тухай конвенцид тус тус нэгдэн орсон. Унаган төрхөөрөө байгаа онгон дагшин уулс, хангай, говь цөл хосолсон үзэсгэлэнт сүрлэг байгаль, олон ястны өвөрмөц ахуй, зан заншил, түүх соёлын дурсгалт газрууд олон байдагт тулгуурлан, аялал жуулчлал хөгжүүлэх өргөн боломжтой. Одоогийн байдлаар Хэцүү хад, Хар тэрмис, Онцын тасархай, Хархираа, Цүнхэг, Увс нуур зэрэг 8 жуулчны бааз, амралтын газар үйл ажиллагаагаа явуулж байна.


Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-20
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -29 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -18 ℃
Шөнө: -26 ℃
2018-12-17
Өдөр: -19 ℃
Шөнө: -26 ℃
2018-12-18
Өдөр: -21 ℃
Шөнө: -30 ℃
2018-12-19
Өдөр: -21 ℃
Шөнө: -27 ℃
2018-12-20

“ХӨГЖИЛД ХҮҮХЭД БҮРИЙН ОРОЛЦОО” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛИЙН ЭЗЭД ШАГНАЛАА ГАРДАЖ АВЛАА

  • 16
  • 0
  • 2018-12-14

“ЦАНАХҮҮ”-2019 ӨСВӨР ҮЕИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛЛЭЭ

  • 18
  • 0
  • 2018-12-14

Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааны цагийн хязгаар тогтоох Засаг даргын захирамжийн төсөл

  • 20
  • 0
  • 2018-12-13

СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ

  • 28
  • 0
  • 2018-12-12

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д. БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЦАГААНХАЙРХАН СУМАНД АЖИЛЛАА

  • 44
  • 0
  • 2018-12-11

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д. БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАРУУНТУРУУН СУМАНД АЖИЛЛАА

  • 38
  • 0
  • 2018-12-11

УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

  • 39
  • 0
  • 2018-12-10

“БАРУУН БҮСИЙН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН 3-Р ЧУУЛГАН" УВС АЙТАГТ БОЛЖ БАЙНА

  • 49
  • 0
  • 2018-12-07

“НЭГ СУУРИН – НЭГ БАХАРХАЛ” АЯН ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

  • 50
  • 0
  • 2018-12-05

Увс аймагт 2018 оны 11-р сард болсон онцлох үйл явдлууд

  • 46
  • 0
  • 2018-12-05

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос