Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 21) нь 1940 оноос 1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байсан. Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум) Дөрвөд гэр бүлд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Ховд хотын бага сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбал боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. 9 жилийн турш тэрээр Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.
1938 онд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3 дугаар сараас Сангийн яамны дэд сайд, 7 дугаар сараас 1940 оны 4 дүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х их хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8 дугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Энэ 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.
1945-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-1974 онд БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу БНМАУ-ын төрийн тэргүүнээр ажилласан юм.
Цол, шагнал
БНМАУ-ын шагналууд
- БНМАУ-ын маршал (1979 он )
- БНМАУ-ын хөдөлмөрийн баатар (1961 он)
- БНМАУ-ын баатар (1966 он)
- Сүхбаатарын одон (6 удаа)
- Байлдааны гавьяаны улаан тугийн одон
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
Гадны улс орнуудаас авсан шагналууд
- Лениний одон - Зөвлөлт Холбоот Улс, 3 удаа (1944, 1976.09.16, 1981.09.16)
- Октябрийн хувьсгалын одон - ЗХУ
- Кутузовын одон 1-р зэрэг - ЗХУ (1945.09.08)
- Георгий Димитровын одон - Бүгд Найрамдах Болгар Ард Улс (1945.09.08)
- Дахин төрөлт одон - Бүгд Найрамдах Польш Ард Улс
- Иx-Од одон - Югослав
- Цагаан Арслан одонгийн шагналтан (Их загалмай) - Бүгд Найрамдах Чех Улс
- Карл Марксын одон - Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс
- Ард түмний найрамдлын од - БНАГУ
- Хосе Мартин одон - Куба улс
- Фредрик Жолю Кьюрын Алтан медаль