ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ...
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг.Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
 ФОТО СЛАЙД

2015-04-28   16:25:35   56557   3
  “Шинэ Тэмүүлэл” залуучуудын клубийн УЗГ, Book challenge”аяны зохицуулагч Ж.Эрдэнэтогтох: BOOKCHALLENGE АЯНЫ ГОЛ ЗОРИЛГО БОЛ ХҮҮХЭД БҮРИЙГ НОМЫН САЙН НӨХӨР БОЛГОХ ЮМ
Төрөлх нутгийнхаа 90 жилийг ойг тохиолдуулан залуучууд олон бүтээлч санаачилга өрнүүлж байгаа билээ. Тэдгээрээс хамгийн өргөн цар хүрээг хамарч, олны талархал хүлээгээд байгаа нь Увс аймгийн Ерөнхий боловсролын 29 сургуульд ном хандивлах, номоор пирамид босгох “Book challenge” аян юм. Увсаас эхэлсэн “Book challenge”аян, улс орон даяар давалгаалж, одоогийн байдлаар 20 мянга гаруй ном цуглаад байгаа ажээ. Тус аяныг санаачлагч нь “Шинэ тэмүүлэл” залуучуудын клубын тэргүүн Р.Цогтгэрэл юм. Ингээд энэ аяны үйл явцын талаар “Шинэ тэмүүлэл” залуучуудын клубын Удирдах зөвлөлийн гишүүн “Book challenge”аяны зохицуулагч Ж.Эрдэнэтогтохтой хийсэн ярилцлагыг хүргэж байна.
- Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Book challenge” аяныг Увсад давалгуулахаар ирээд хэд хонолоо. Аян хэр өрнөж байна?
- Баярлалаа.Увс нутгийнхандаа энэ өдрийн мэнд хүргэе. Мэдээж сайн үйлсийн аян болохоор хүн бүр л уриалагахан хүлээн авч байна. Ирээд тав хоноход 5000 гаруй ном цуглуулаад байна. Төрийн байгууллагууд маш идэвхитэй оролцож байгааг онцолж хэлмээр байна. Мөн зах дээр худалдаа эрхэлдэг хүмүүс ном цуглуулж өгөхөөр ажиллаж байгаа гээд олон байгууллагууд нэгдэхээ илэрхийлсэн. Ер нь бол санаснаас хэд дахин хурдан давалгаалж байгаа шүү.
- Ном цуглуулах сайн үйлсийн аяныг чухам яагаад санаачилах болов?
- “Шинэ тэмүүлэл” залуучуудын клубын О.Цогтгэрэл тэргүүн анх энэ ажлыг санаачилсан. Өөрөө ном их уншдаг хүн л дээ. Мөн хүүхдүүдийн боловсрол, хүсэл тэмүүлэл, зорилгыг нь биелүүлэх, номын сангийн сан хөмрөгийг баяжуулах, арвижуулах зорилгоор энэ ажлыг санаачилсан гэж ойлгож болно. Энэ утгаараа мэдлэгтэй, боловсролтой, оюунлаг ирээдүйгээ бэлтгэхийн тулд сурагч байхаас нь анхаарах хэрэгтэй гэдгийг мэдэрч, энэ чиглэлээр судалгаа хийсэн. Тухайлбал ЕБС-ийн номын санд номын хүрэлцээ маш бага байдаг. Сумын 1500 орчим хүүхэдтэй ЕБС-ийн номын сангийн нэг жилийн төсөв нь 300-400 мянга орчим төгрөг байх жишээтэй. Тэгвэл 1500 хүүхдэд энэ мөнгөөр хэдэн ном худалдаж авах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Вестсэллэр ном худалдаж авахад хэдхэн ширхэг ном л авч байгаа юм. Нөгөөтэйгүүр хүүхдэд ном унших хүсэл байлаа ч тэдний хүсэл сонирхолд нийцсэн хэрэгцээт ном тухайн номын санд байдаггүй зэрэг бэрхшээл байгааг олж харсан. Хоёрдугаарт Хүүхдүүд интернэт, фэйсбүүкт ихэнхи цагаа өнгөрөөж байгааг хэн бүхэн мэдэж, харж байгаа. Мэдээж хэрэг хэрэгцээт мэдээллээ интернэт ашиглаад авч чадвал сайн хэрэг. Гэхдээ тэнд хэзээ ч бүрэн мэдээлэл байхгүйг ойлгох хэрэгтэй.Номоос суралцах зөв хандлага бидний дүү нарын дунд бага байна. Тиймээс хүүхдүүдийг ном унших дадлыг бий болгохын тулд сонголт ихтэй, арвин баялаг номын сантай болгох нь зүйтэй гэж үзсэн. Номын сайн нөхөр болгохын тулд ном унших сэдлийг төрүүлэх, ном унших дадалд сургахад анхааръя гэсэн юм. Ерөөсөө л манай аяны гол зорилго бол хүүхэд бүрийг номтой болгох, номын сайн нөхөр болгоход чиглэгдсэн.
- Book challenge гэдэг энэ санаа яаж төрөв?
- Бид яавал олон ном цуглуулах вэ гэж их ярилцсан. Тэгээд “Ice bucket challenge” гээд толгой дээрээ мөс асгаад хүн дууддаг энэ хөгжилтэй аргаас санаа авч “Book challenge”аяныг эхлүүлсэн. Өнөөдөр хүн бүр цахим орчинд байна. Тэгээд аяны эхлээд 7 хоноход “Шинэ тэмүүлэл” клубын фейж хуудас руу 50 мянган хүнд хүрч чадсан.
- Ер нь бол энд тэндгүй байгаа өргөн их нөөцийг цуглуулаад зөв хуваарилах арга хэмжээг л эхлүүлсэн гэсэн үг тийм үү?
- Тийм шүү. Мэдээж айл бүрт л номнууд байдаг. Харин хүн бүрт байгаа номыг цуглуулбал илүү баялаг нөөц бий болж байна. Тэдгээр шинэ шилдэг номнуудыг цуглуулж, хэрэгцээтэй газар нь зөв хуваарилах, хүүхдийг номтой нөхөрлүүлэх зорилгоор энэ аяныг санаачилсан юм.
- Номоо цуглуулаад 29 сургуульдаа хуваарилчихлаа. Цаашаа үргэлжлэх үү?
- Аян гурван үе шаттай явагдана гэж дээр хэлсэн. Нэгдүгээр үе шатад хүн бүр өөртөө байгаа ямар ч хамаагүй ном өгч болно. Бид энэ номнуудыг аваад дараа нь ангилна.БСШУ-ны яамнаас ЕБС-ын хүүхдүүдэд зайлшгүй уншиж судлах хэрэгтэй номын жагсаалтыг гаргасан байдаг. Энэ жагсаалтад ойролцоогоор 120 ном орсон байна. Танин мэдэхүй, уран зохиол, оюуны чадамж хөгжүүлэх гэх зэрэг номнууд байгаа юм. Хоёрдугаар үе шатандаа бид тодорхой тооны хэрэгцээт номыг бүрдүүлэхээр хувь хүмүүс, компанид хандаж, мөнгөн хандив босгохоор төлөвлөсөн. Энэ мөнгөөр ЕБС-ын номын сангуудад нь дээрх хэрэгцээт номыг авч өгнө гэсэн үг. Учир нь одоогийн байдлаар хүмүүсээс янз бүрийн ном ирж байна. Энд хүүхэд уншаад ойлгох уу, үгүй юу гэхээр ном ч байгаа. Тиймээс энэ санааг хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 3 сая төгрөг, 200 ёвро бидэнд ирсэн байна. Үүнд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн нар нэг сарын цалингаа өгсөн. Мөн Тэс сумын уугуул Ж.Цэнгэл гээд эгч 500 мянган төгрөг өгснөөр бид номын дэлгүүрээс хэрэгцээт номнууд худалдаж авсан байгаа. МУГТ, буудлагын спортын мастер Б.Мөнхбаяр эгч манай аянд нэгдэж “Би Германаас ном явуулж чадахгүйнээ. Энэ мөнгөөр хэрэгтэй ном авч хүүхдүүдэд өгөөрэй” гээд 200 ёвро өгүүлсэн гэх жишээгээр мөнгөн хандив бий болж байна. Одоохондоо бид ямар ч компани дээр биечлэн очиж уулзаагүй байгаа. Тэд хүүхдүүдэд ном хандивлах аянд маань дэмжлэг үзүүлж, хэрэгцээт ном хамтдаа авна гэдэгт итгэлтэй байгаа. Гуравдугаар шат 9-р сарын 1-нээс эхлэнэ. Энэ бол манай аяны хамгийн чухал шат. 6-р сарын 1-нд хүүхэд бүрт номын тэмдэглэл хөтлөх дэвтэр тарааж өгнө. Тэр дэвтэр дээр хүүхэд бүр уншсан номныхоо тэмдэглэлийг хөтлөх юм. Тэгээд тодорхой хугацааны дараа олон ном уншсан хүүхэд, ангийг шалгаруулна. Энэ шатандаа бид хүүхэд бүрийг ном унших сэдлийг өгсөн олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа.
- Та бүхний зорилго 40 мянган ном цуглуулж, номоор пирамид босгоно гэсэн байсан. Зарим мэдээллийн сайтад “Увс аймаг ном хандивлах аян өрнүүлж, номоор 9 есөн метр пирамид босгож Гиннест бүртгүүлнэ” гэх зэргээр бичсэн харагдана лээ?
- /инээв/ Гиннест ийм төрлөөр өрсөлддөг төрөл байхгүй л дээ. Нэг минутанд хамгийн өндөр ном өрсөн гэдгээр бүртгүүлсэн тохиолдол харин байдаг юм байна лээ. Сонирхуулаад хэлэхэд 1 минутанд хамгийн өндөр ном өрсөн рекорд нь 1.92 метр байдаг юм байнлээ.Сэтгүүлчид өөр өөрийнхөөрөө л ойлгосон байх. Увс аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн 29 сургуулийн номын санд цуглуулсан эдгээр номоор пирамид босгоё гэдэг санааг гаргасан. Тухайлбал Египтэд шавраар, Францад төмрөөр пирамид босгосон байдаг шүү дээ. Энэ жишээнээс “Увс аймаг яагаад 90 жилээрээ эрдмээр, номоор пирамид босгох ийм сайхан ажил хийж болохгүй гэж. Бусад аймаг, сумдыг ч энэ ажилдаа уриалах болно” гэж хэлсэн. БСШУ-ны яамнаас хэрэгжүүлж байгаа “Ном” хөтөлбөр хамгийн сайн хэрэгжиж байгаа аймгуудын нэг нь Увс аймаг. Хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, цэцэрлэг сургуулийнхаа номын фондыг шинэчлэхэд аймгийн засаг дарга Д.Цэндсүрэн үргэлж анхаарч ирсэн. 2014 онд л гэхэд зөвхөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 16,5 сая төгрөг зарцуулсан байсан. Хүүхдүүддээ зориулж цуглуулсан энэ номоороо бид есөн метр пирамид төв талбайд босгоно. Ингээд номын сангууддаа тэгш хуваарилах, тодорхой хугацааны дараа шилдэг уншигч хүүхдүүдийг тодруулж, алдаршуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн байгаа.
- Ийм хэмжээний ном цуглах боломжтой байгаа юу?
- Мэдээж цуглуулах л зорилготой байна. Одоогийн байдлаар Улаанбаатарт 15 мянган ном, хүмүүсээс авахаар болсон 4 мянган ном байна. Би Увс аймагт ирж ажиллахдаа одоогийн байдлаар 5000 ном цуглуулаад байна. Дахиад ч хүмүүс амалсан 3000 ном байна гэж тооцход ойролцоогоор 20 гаруй мянган болж байгаа. Аян 5 сарын 25 хүртэлүргэлжилнэ.6 сарын 1-ний өдөр номын баяр хийхээр төлөвлөсөн байгаа. Тэнд ЕБС-ийн сургуулиудаас төллөөллүүд ирж номоо гардаж авна. Мөн пирамидаа босгоно гээд нэг өдөржин номын баяр хийх төлөвлөгөөтэй.
- “Book challenge” аяныг бусад аймгууд ижил төрлийн үйл ажиллагаа болгон хэрэгжүүлж эхэлсэн байсан. Одоогийн ямар ямар аймаг хэрэгжүүлж байгааг мэдсэн үү?
- Цахим орчинд “Book challenge”аян маш хүчтэй өрнөсөн. Увсын спорт урлагийн, улс төрчид бүгд сэтгэл гарган нэгдсэн. Одоогийн байдлаар Өвөрхангай, Хэнтий, Дорнод, Хөвсгөл аймгууд аяныг эхлүүлээд байгаа. Архангайн залуучууд бүр бидэн дээр ирээд “Book challenge” гэдэг нэрийг ашиглая гээд хүсэл гаргасны дагуу бид зөвшөөрлийг нь олгосон. Зөв санаачилга өргөн цархүрээг хамарч, олон хүнд сайн туршлага болдог гэдгийг мэдэрч, өөрсдийн эхлүүлсэн ажилдаа сэтгэл хангалуун, зорьсондоо хүрэх хүрэх эрч хүчээр дүүрэн байна. Бид бүхний санаачилгыг дэмжиж, урам өгсөн маш олон хүн бидэнд урамыг үг, талархлын мессеж ирүүлж байгаа.
- “Book challenge” аян Харвардад хүртэл давалгаалсан байсан?
- Клуын тэргүүн О.Цогтгэрэл одоо Харвардын сургалтанд сууж байгаа. Тэгэхдээ энэ талаар олж мэдсэн юм байнлээ.Харвардад бол “Book challenge” гэсэн энэ төрлийн аян явдаг. Гэхдээ ном цуглуулах биш уншсан номын тэмдэглэлээ өөрийн фейсбүүкдээ бичиж оруулаад дараагийн хүнийг ном унших аянд дууддаг. Бид ч гэсэн хүүхдүүдийг номонд дуртай болгох, номтой нөхөрлүүлэх ажлаа ийм хэлбэрээр үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа.
- Тэгвэл “Book challenge”аяны гуравдугаар үед хүүхдүүдэд ном унших сэдэл төрүүлэх санаачилгууд өрнөнө гэсэн үг үү?
- Тийм. Гуравдугаар шат бол ном цуглуулахаас хамгаас чухал гэж ойлгож болно. Сургуулийн номын сайн хичнээн шилдэг зохиолчдын ном байгаад хүүхдүүд уншихгүй бол энэ аяны үр дүн гарах шүү дээ. Тиймээс хүүхдүүдэд ном унших сэдэл төрүүлэх, номын сайн нөхөр болгох ажлуудыг ирэх 9-р сарын нэгнээс эхлэн зохион байгуулна. Мөн хамгийн олон ном уншиж, тэмдэглэл хөтөлсөн номын сайн нөхөр сурагчийг шалгаруулж, урамшуулах зэргээр төлөвлөсөн ажлууд бий.
- Энэ аянд зөвхөн олны танил хүмүүс, улс төрчид л оролцдог гэсэн ойлголт яваад байна?
- Энэ бол сайн үйлсийн аян. Бид ямар нэгэн мөнгө хөрөнгө зарцуулахгүй байгаа. Аль болох хаана ямар нөөц байна. Түүнийг ашиглаж байгаа. Увс аймгийн Засаг дарга бидний санаачилгыг хувь хүний болоод албан журмаар маш их дэмжиж байгаа. Бид Увсад ирээд аймгийн ЗДТГ-ын нэг өрөөнд байрлаж аянаа өрнүүлж байна. Ном хандивлах гэсэн хэн бүхэн нэгдэх боломжтой.
- Увс аймагт хэдий хүртэл ажиллах вэ?
- 5-р сарын 25 хүртэл ажиллана. Аймгйин ЗДТГ-ын 307 тоот өрөөнд ажиллаж байна. Номын аян нэгдэх гэсэн хэн бүхнийг хүлээн авна. Оюуны хөрөнгө оруулалт бол насан туршийн хөрөнгө оруулалт гэдэг. Тэр утгаараа хүүхэд залуучуудын оюунд хөрөнгө оруулалт хийсэн энэхүү аяныг бүх хүмүүс, албан байгууллагууд дэмжиж нэгдээсэй гэж хүсэж байна.
- Танд баярлалаа. Ном хандивлах гэгээн үйлст тань амжилт хүсье?
СЭДЭВ : Ярилцлага
Densmaa 2015-04-29   13:26:16
sain bna u ajil n sain u bi chaimag tanih yum bna aavtaiga adilhan yuma chi nadig tanihgvi bh bi eejinchin hamaatan bna chi mundag hvv bna mash saihan ajil hiij bga yum bna egvh n darhand amidardag
KH 2015-04-28   19:42:29
Зөв аян зохион байгуулсан танай хамт олонд Лайк
Ganzul 2015-04-28   16:26:28
Saihan sanaachlaga