Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төсөлд 133 залуу хамрагдахаар болж, өнөөдөр үдэж явуулалаа.

2021-09-18 00:00:00

Монгол Улсын Засгийн газрын Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөөний 2.6 дахь зорилтын хүрээнд залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх "Оролцоо" төсөлд улсын хэмжээнд 2021 оны 8 сараас эхлэн үе шаттайгаар 5000 залуучуудыг хамруулахаар болж төслийн эхний ээлжийн сургалтад 18-34 насны 1211 залуу оролцож, аж ахуй нэгжүүдтэй 641 нь хөдөлмөрийн гэрээ байгуулаад байна. Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой " Оролцоо" төсөлд E.Mongolia цахим сүлжээгээр Увс аймгийн 18-34 насны нийт 283 залуус бүртгүүлж, шалгаруулалтын ярилцлагад нийт 230 залуу тэнцсэнээс цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 9 дүгээр сарын 18,19-ны өдрүүдэд эхлэх сургалтад 133 залуу хамрагдахаар болж, өнөөдөр үдэж явуулалаа.

Аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт "Орлогын бүтээн байгуулалт” гэсэн томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор аймгийн бодлого, хөтөлбөрүүдэд мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, сургалтын байгууллагуудыг түшиглэн хэрэгцээнд нийцсэн чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэж, ажилд зуучлах, жилдээ 1200 ажлын байр бий болгох зэрэг зорилтууд тусгагдан хэрэгжиж байгаа бөгөөд эхний 8 сарын байдлаар 516 ажлын байр бий болоод байна.

Увс аймгийнхаа иргэдийг ажилтай, орлоготой болгох зорилгоор уламжлалт МАА- аас гадна газар тариалан, үр тариа, тэжээлийн ургамал, жимс жимсгэнэ, үр үйлдвэрлэх, өвөрмөц ёс заншил, байгальд тулгуурласан аялал жуулчлал хөгжүүлэхэд анхаарч "Шинэ хөдөө Увс" хөтөлбөр боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Бренд хөгжүүлэлтийг Увс кластераар хөгжүүлж нэг брендийн дор Увсын бүтээгдэхүүнүүдийг гаргах, бүтээгдэхүүнийг стандартчилах зохицуулалтыг хийж арвайн гурил, чацаргана, зөгийн бал, цагаан ултай гутал, ааруул зэрэг бүтээгдэхүүнийг улсын хэмжээнд сүлжээ дэлгүүрүүдээр борлуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлуудыг хангаад байна.

“Оролцоо” төсөл бол нэг удаагийн үйл ажиллагаа биш. Төсөлд хамрагдсан залуусын мэдээллийн нэгдсэн санг бий болгож улс оронд өрнөж байгаа томоохон төсөл, бүтээн байгуулалтад тэднийг оролцуулж ажлын байраар хангах бодлого баримтална гэж ХНХЯ- аас мэдээлж байгаа. Улс орон, аймгийн хөгжилд залуучууд та бүхний оролцоо гол үүргийг гүйцэтгэдэг учраас улсаас үзүүлж байгаа энэ боломжийг ашиглаад , сурч боловсрон, дадлагажиж, цаашдаа ажлын байртай болж, амьдрал ахуйгаа сайжруулна гэдэгт итгэж байна. Та бүхний цаашдын сурлага, хөдөлмөрт амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.